Нүүр хуудас руу
Нүүр / Байгууллагын тухай

Гэрэгэ бодлогын хүрээлэн

Ардчилсан намын судалгаа, сургалтын байгууллага — 2026 онд байгуулагдсан.

Танилцуулга

Ардчилсан нам нь Монгол Улсын ардчилсан шилжилтийн тэргүүлэх хүч байж, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөө, хүний эрхийн төлөөх шинэчлэлийг тууштай урагшлуулж ирсэн. Өнөөдөр Монгол Улс хөгжлийн олон сорилттой нүүр тулж, дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлтүүд өрнөж буй энэ үед ардчилсан тогтолцоогоо хамгаалж, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ нөхцөлд Ардчилсан нам бодлогоо нотолгоонд суурилсан судалгаа, олон талын оролцоонд тулгуурлан сайтар шүүн тунгаасан санаачилгуудаар бэхжүүлэх нь зайлшгүй юм.

Ардчилсан нам 2026 оны 1 дүгээр сард өөрийн судалгаа, сургалтын байгууллага болох Гэрэгэ бодлогын хүрээлэнг байгуулсан. Гэрэгэ нь Ардчилсан намын баруун төвийн үзэл баримтлалаар баримжааслан, нотолгоонд суурилсан бодлогын хувилбаруудыг боловсруулахад судалгаа, бодлогын нөлөөллийн дэмжлэг үзүүлж, Монгол Улсад ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Мөн намын гишүүд, нэр дэвшигчид болон иргэдийн улс төрийн боловсрол, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл, жилийн ажлын төлөвлөгөөг Удирдах зөвлөл тодорхойлж, Ардчилсан намын бодлогын хэрэгцээ, шийдвэр гаргах үйл явцтай уялдуулан хэрэгжүүлдэг. Гэрэгэ нь институцийн хувьд Ардчилсан намтай холбоотой хэдий ч судалгааны хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, нийтийн эрх ашгийг дээдлэн, ил тод, хариуцлагатай байх зарчмыг удирдлага болгон ажиллана.

Өнөөгийн эрх баригчдын гаргаж буй бодлого, шийдвэр иргэдэд тулгамдаж буй нэн чухал асуудлуудыг онохгүй, хоорондоо уялдаагүй, тогтвортой хэрэгжихгүй, явцуу эрх ашигт үйлчилсэн, эсвэл гал унтраасан, популист шинжтэй байгаагийн үр дүнг бид бүгд амсаж байна.

Ардчилсан намын дэргэдэх бодлогын тинк танк буюу “Гэрэгэ” хүрээлэн нь намын үзэл баримтлалаар баримжаалан ардчилсан засаглал болон эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн нотолгоонд суурилсан бодлого боловсруулах оюуны төв, шинэчлэлийн санааг дэвшүүлэн хэлэлцүүлэх талбар, иргэд, иргэний нийгэм, судалгааны салбар болон намыг, шийдвэр гаргагчдыг холбох гүүр болох ёстой.

Х. НомингэрэлГэрэгэ тинк танкын захирал

Үндсэн чиг үүрэг

  • Монгол Улсын хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, Ардчилсан намын баруун-төвийн үнэт зүйлд нийцсэн бодлогын шийдлүүдийг боловсруулж, намын улс төрийн үйл ажиллагаанд судалгааны дэмжлэг үзүүлэх;
  • Хууль тогтоомж, бодлогын судалгаа хийх, бодлогын баримт бичиг, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зөвлөмж гаргах;
  • Хэлэлцүүлэг, форум, олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан бодлогын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах, судалгааны үр дүнг нийтлэх, түгээх;
  • Ардчиллын үнэт зүйлс, улс төрийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэвлэн нийтлэх, сургалт, иргэний боловсролын үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
  • Намын гишүүдийн улс төрийн оролцоо, манлайллын чадавхыг бэхжүүлэх, ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, тэтгэлэг, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Олон улсын болон гадаадын хөгжлийн болон судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаа, туршлага солилцоог хөгжүүлэх.

Удирдлага ба засаглал

Удирдах зөвлөл нь хүрээлэнгийн хамтын удирдлах дээд байгууллага бөгөөд эрхэм зорилго, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үүрэгтэй. Тус зөвлөл нь Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, намын удирдлага, мөн бизнес, иргэний нийгэм, академик салбарын нэр хүндтэй төлөөллөөс бүрдсэн есөн гишүүнтэй. УЗ-ын анхны хуралдаанаараа М.Чимэддоржийг УЗ-ын даргаар, Х.Номингэрэлийг Гүйцэтгэх захирлаар тус тус томилсон.

Удирдах зөвлөл

М. ЧимэддоржУдирдах зөвлөлийн дарга; Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх.
Доктор Р. АмаржаргалМонгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн асан; Санхүү, эдийн засгийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга.
Л. ГантөмөрУлсын Их Хурлын гишүүн (дөрөв дэх удаагаа сонгогдсон); Боловсролын сайд асан.
Б. ЖаргаланУлсын Их Хурлын гишүүн; Ардчилсан намын бүлгийн дэд дарга; Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч.
З. НарантуяаУлсын Их Хурлын гишүүн асан, хуульч.
Доктор А. БатпүрэвЭдийн засагч; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх.

Үлдсэн гурван гишүүнийг хараахан томилоогүй байна.

Үйл ажиллагааны бүтэц

Гэрэгэ бодлогын хүрээлэн нь цомхон үндсэн багтай бөгөөд эдийн засаг, засаглалын чиглэлээр ажиллах гурван судлаач/төслийн менежерээс бүрдэнэ. Тэд цаг үеийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийж, гадаадын болон дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран бодлогын судалгааны төслүүдийг хэрэгжүүлдэг. Мөн судалгааны үр дүнг түгээх, оролцогч талуудтай харилцах, олон нийтэд хүргэх ажлыг хариуцсан Харилцаа, мэдээллийн менежер ажиллах бөгөөд түүнийг Захиргаа, санхүүгийн ажилтан дэмжин ажиллана. Хүрээлэн нь Улаанбаатар хот дахь Ардчилсан намын төв байранд байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Хүрээлэнгийн бүтэц

  • Удирдах зөвлөлХамтын удирдах дээд байгууллага. Эрхэм зорилго, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлно. 9 гишүүнтэй.
  • Гүйцэтгэх захиралХүрээлэнгийн өдөр тутмын удирдлага.
  • СудлаачидЭдийн засаг, засаглалын чиглэлээр гурван судлаач, төслийн менежер.
  • Харилцаа, мэдээллийн менежерСудалгааны үр дүнг түгээх, оролцогч талуудтай харилцах.
  • Захиргаа, санхүүҮйл ажиллагааны дэмжлэг.

Санхүүжилт

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга (2023) нь улс төрийн намуудад өөрсдийн харьяа бодлогын хүрээлэнг санхүүжүүлэх зорилгоор төрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг хуваарилах боломжийг олгосон. Мөн хүрээлэн үйл ажиллагааны тогтвортой байдлаа хангахын тулд санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, олон улсын түнш байгууллага, аж ахуйн нэгж, хувь доноруудтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.